Эртний нүүдэлчид аль эртнээс эх газрын эрс тэс уур амьсгалтай Төв Азийн бүс нутагт нүүдлийн мал аж ахуйг бий болгож, хөгжүүлсээр ирсэн талаар гадаад дотоодын судлаачид олон төрлийн гэрчлэх баримтуудад тулгуурлан нэгэнт тодорхойлон тогтоосон байдаг. Ийнхүү эртний нүүдэлчид мал аж ахуйг буй болгон хөгжүүлэх явцад хамгийн гол нь түүнийг эрхлэн хөтлөх арга ухааныг бий болгосон явдал юм.
Монголын казахуудын хэрэглэж ирсэн тоног, хэрэгслүүдийн хийх арга түүний хэлбэр хийц, хэрэглээний шинж чанар, зориулалт нь Монголын олон үндэстэн угсаатныхтай тун ижил хэдий ч зарим талаар өөрийн гэсэн өвөрмөц соёлын өв уламжлалтай байжээ. Казах эмээлийн урд бүүрэг нь эгц, хойд бүүрэг нь хойшоогоо налуу хүн чөлөөтэй суух боломжтой үндсэндээ хавтгайдуу хэлбэр хийцтэй байгаагаараа онцлогтой байдаг.
Казах эмээл урт, өргөн хэмжээгээр монгол эмээлүүдийн аль ч төрлөөс том. Казах эмээлийг Керей эмээл, Найман эмээл гэж хоёр ангилдаг ба хэрэглээний шинж чанараар ердийн, гоёлын бөгөөд зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэх зэргээр ангилдаг байна. Эмэгтэй эмээл нь эрэгтэй эмээлээс хийцээрээ том байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн урдаа өлгийтэй хүүхдийг авч явахад тохиромжтой гэж үзсэн байдаг.
Энэхүү алтан шармал нэртэй эмээл маань хийц загварын хувьд маш уран хийцтэй, дахин давтагдашгүй үнэт үзмэр бөгөөд төмрөөр хийж, мөнгөөр өнгөлж, алтны ууранд барьжээ. Уг эмээл нь ХХ зууны эхэн үед хийгдсэн ба Улаанхус сумын Хавдал гэдэг хүн хэрэглэж байжээ. Даруулга, хөмөлдрөг, хазаар, ширэн тохом, хос дөрөө, зэрэг зүйлүүдээс бүрдсэн байна.