Түүхэн замнал

Баян-Өлгий аймгийн музей 1948 онд Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан нь тус аймгийн музейн эх үүсвэр болжээ. Тус кабинет бүтэц, зохион байгуулалт, үзмэр сан хөмрөгийн талаар бэхжин, 1962 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 461-р тогтоолоор Орон нутгийг судлах музей болон өргөтгөн зохион байгуулагджээ. 1940-өөд оны сүүлчээс эхлэн аймгийн захиргааны ерөнхий хэлтэсээс музейн үзмэр цуглуулах бодлого явуулж, хуучны нэгэн лалын шашны нэгэн жижиг сүмд иргэдийн гар дэрээс цуглуулж авсан эд өлгийн зүйлсийг хадгалан хамгаалж байжээ. 1960-аад онд аймгийн Намын Хорооны  нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Мусахан өөрөө биечлэн удирдаж, Сагсайн хүрээнээс түүхий тоосго зөөлгөн авч ирж, музейн анхны барилгыг субботникын шугамаар барьж байгуулсан нь хуримтлагдсан үнэт эдлэл, эд өлгийн зүйлийг анх удаа дэглэн олон түмэнд сурталчлах ажлын гараа болсон байна. Тийнхүү анхны музейн эд өлгийг шинээр дэглэн шинэ шинэ үзмэрээр баяжуулан, үндэстэн, ястангуудын язгуур урлаг, угсаатны зүйн холбогдолтой олон арван ховор үзмэр цуглуулж, орчин цагийн музейн суурийг тавихад тухайн үед музейн захирлаар ажиллаж С.Магзам гуай чухал үүрэг гүйцэтгэжээ.

1988 оноос музейн зориулалттай орчин үеийн шаардлагад нийцсэн гурван давхар барилгад шилжин орж, шинээр дэглэсэн Байгалийн танхим, Түүхийн танхим, Угсаатны зүйн танхим, Хэлмэгдэгсдийн дурсгалын кабинет, Боловсролын танхимтай 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Музейн үзүүллэг дэглэлт нь Алтай таван богдын байгалийн хосгүй үзэсгэлэнг харуулсан томоохон панором, казах   үндэсний иж бүрэн тоноглолтой эсгий гэр, Керей Найман омгийн эрэгтэй, эмэгтэй хүний алтан шармал буюу мөнгөн тоноглолтой иж бүрэн эмээл, солир, халиу, бүргэд, бүргэдийн хэрэгсэл, хар чоно, эртний куран, модон ор, аймгийн анхны дарга, нам төрийн ахмад зүтгэлтэн нарын гар буу, нэхий өмд, унаганы арьсан дээл, охин бэрийн өмсгөл, Саукеле желек, тува, урианхай, дөрвөд үндэсний тоорцог малгай, бөөгийн онго, зэрэг үзмэрүүдээр баян. Тус музейн үзмэрийг иргэдийн гар дээрээс худалдаж авах, хээрийн шинжилгээний олдворыг цуглуулах замаар голлон баяжуулж иржээ.