Сан хөмрөг

Хамгийн хуучин үзмэр нь Юань гүрний үед хамаарах морины эмээлийн хэсгүүд, хамгийн том үзмэр нь Сагсайн хүрээнд ашиглаж байсан ширмэн тогоо юм. Музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдээс танилцуулж байна.

Казах үндэсний дээлийг төрөл бүрийн эдээр өнгө хослуулан олон төрлийн хээ угалз гаргаж урлахын хамт биеийн хэмжээ, нүүр царайныхаа өнгө зэрэгт тохируулан урладаг онцлогтой байдаг. Нэхий дээлийг хонь, ямаа, булга, аргаль зэрэг ан амьтны арьс, нэхийгээр хийдэг. Хонины нэхий дээлийг зун, намрын ахар нэхий дээл гэж ангилна. Зуны эх дунд сарын нэхийг илэг болгон элдэж боловсруулан илгэн дээл хийдэг байжээ. Хонины нэхийг идээлж үсийг нь гуужуулаад илэг гаргаж авна. Илгээр дулааны улиралд өмсөх дээл хийдэг бөгөөд үүнийг “илгэн дээл” /жаргах тон/ гэж нэрлэдэг байна.  

Энэхүү “илгэн дээл” нь ХХ зууны эхэн үед бүтээгдсэн маш уран хийцтэй дээл юм. Уг дээл 1960 онд Алтай сумаас бэлэг дурсгалын замаар цуглуулсан, музейн дахин давтагдашгүй үнэт үзмэрүүдийн нэг. Уг дээлийг хонины арьсыг зөөлөртөл нь элдэж, гадна талыг шар өнгийн “Рауан” хэмээх модны будгаар будаж энгэр, хормой болон ханцуйн хэсгийг маш нарийн уран хийцээр хатгаж оёсон байна. Мөн ханцуй болон хормойн хэсгийг хурганы арьсаар эмжээрлэж, захыг нь үнэгний годоор хийж гоёсон байна.

Шинийн нэгний их золголтоор идээ цагаа амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан зочин гийчин бүгд шагайгаар “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинждэг. Дараа нь золгосон айлдаа “Үйчүүр” дэлгэж хотлоороо тоглож нааддаг. Хүн бүр шинийн өдрүүдэд үйчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үйчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлэгшээдэг. Шинийн нэгэнд үйчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үйчүүр тоглодог.

Үйчүүр тоглоомд ханшийн дэс бүхий найман зүйлийн амьтан орох бөгөөд харцага нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг.

Энэхүү үйчүүр тоглоом нь тус аймгийн Өлгий сумын урлаач Жансан гэдэг хүний бүтээл бөгөөд Ардын жүжигчин Р.Самжид хэрэглэж байгаад 1987 онд музейн үзмэрт өгсөн байна. Нийтдээ 132 ширхэгээс бүрддэг.

Эртний нүүдэлчид аль эртнээс эх газрын эрс тэс уур амьсгалтай Төв Азийн бүс нутагт нүүдлийн мал аж ахуйг бий болгож, хөгжүүлсээр ирсэн талаар гадаад дотоодын судлаачид олон төрлийн гэрчлэх баримтуудад тулгуурлан нэгэнт тодорхойлон тогтоосон байдаг. Ийнхүү эртний нүүдэлчид мал аж ахуйг буй болгон хөгжүүлэх явцад хамгийн гол нь түүнийг эрхлэн хөтлөх арга ухааныг бий болгосон явдал юм.

Монголын казахуудын хэрэглэж ирсэн тоног, хэрэгслүүдийн хийх арга түүний хэлбэр хийц, хэрэглээний шинж чанар, зориулалт нь Монголын олон үндэстэн угсаатныхтай тун ижил хэдий ч зарим талаар өөрийн гэсэн өвөрмөц соёлын өв уламжлалтай байжээ. Казах эмээлийн урд бүүрэг нь эгц, хойд бүүрэг нь хойшоогоо налуу хүн чөлөөтэй суух боломжтой үндсэндээ хавтгайдуу хэлбэр хийцтэй байгаагаараа онцлогтой байдаг.

Казах эмээл урт, өргөн хэмжээгээр монгол эмээлүүдийн аль ч төрлөөс том. Казах эмээлийг Керей эмээл, Найман эмээл гэж хоёр ангилдаг ба хэрэглээний шинж чанараар ердийн, гоёлын бөгөөд зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэх зэргээр ангилдаг байна. Эмэгтэй эмээл нь эрэгтэй эмээлээс хийцээрээ том байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн урдаа өлгийтэй хүүхдийг авч явахад тохиромжтой гэж үзсэн байдаг.

Энэхүү алтан шармал нэртэй эмээл маань хийц загварын хувьд маш уран хийцтэй, дахин давтагдашгүй үнэт үзмэр бөгөөд төмрөөр хийж, мөнгөөр өнгөлж, алтны ууранд барьжээ. Уг эмээл нь ХХ зууны эхэн үед хийгдсэн ба Улаанхус сумын Хавдал гэдэг хүн хэрэглэж байжээ. Даруулга, хөмөлдрөг, хазаар, ширэн тохом, хос дөрөө, зэрэг зүйлүүдээс бүрдсэн байна.

Энэхүү уран сийлбэр хийцтэй модон ор нь ХХ зууны дунд үед хийгджээ. Өндөр 85 см, урт 2014 см, өргөн 71 см. Нүүрэн талд нь казах үндэстний хээг сийлбэрлэн чимж, өнгө өнгийн будгаар будаж гоёсон бөгөөд хоёр толгой нь налуу байдгаараа онцлогтой. Налуу байдал нь хүний цусны эргэлтийг сайжруулж, сайн амраадаг аж. Модон ор нь нүүдлийн үед тэмээнд ачихад тохиромжтой, хэд хэдэн хэсэгт салдаг байна.