Монгол улсад орчин цагийн Музей үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “ӨЛГИЙ СУДЛАЛ-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Музей, ШУА.Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбар, МУБИС-ийн тус аймаг дахь салбартай хамтран зохион байгуулагдлаа.
Аймгийн түүхэн замнал, өв соёл, үзэсгэлэнт байгаль экологи, амьтан судлал, Дэлхийн өвд бүртгэгдсэн түүх, археологийн дурсгалт газрууд, угсаатны болон нүүдлийн соёл, боловсрол судлал, биет бус соёлын өв болон бусад олон талт сэдвүүдээр судалгаа явуулсан эрдэмтэн судлаачдын судалгаа, түүний үр дүн, эх хэрэглэгдэхүүн, баримтуудыг тайлан тайлбарлах, туршлага санал бодлыг сонсох, солилцох, орон нутаг, Алтай судлалын эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэх, хойч үеийнхэнд төрөлх нутаг, эх орноороо бахархахад нь төлөвшүүлэхэд тус хурлын зорилго оршиж байна.
Хуралд БНУнгар улсын Дебрецен их сургууль, БНКазахстан улсын Астана хотын Түрэг академи, Астана хотын Үндэсний Музейн соёлын өв судлалын хүрээлэн, Соёлын өвийн Үндэсний төв, Ховд аймгийн Музей, МУИС-ийн баруун бүсийн сургууль, МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар, Баян-Өлгий аймгийн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, багш нар оролцож салбар бүрээс эрдэм шинжилгээний судалгаанд хамруулсан судалгааны ажлуудаар илтгэлүүд хэлэлцүүллээ.
Хуралд нийт 20 гаруй илтгэлүүд тавигдсан бөгөөд эмхтгэл болгон хэвлүүлэн цаашид жил бүр гадаад, дотоодын судлаач эрдэмтдийг олноор хамруулан зохион явуулахаар төлөвлөөд байна.






